Сонин хачин

МУСТА Г.Эрдэнэтyнгалаг: Надад бyсдаас нyугаад бaйх зүйл бaйхгүй…УНШ!!!

Та бүхэндээ дуучин Г.Эрэдэнтунгалагтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.Түүнийг шинэ цомгоо гаргасан, өвөрмөц тоглолт хийхээр бэлтгэж байгаа, бас Жагарын орноо зорчиж сонин зохиомжтой клип хийлгэх гэж байгаа гэсэн “хов”-ыг найруулагч Н.Болд бидэнд дамжуулсан юм. Дуучин бүсгүй охинтой болсноосоо хойш тайзнаа ч олон гараагүй, хэвлэлд ч ярилцлага өгөөгүй тул үзэгчид үгүйлж байсан нь мэдээж. Бидний яриа түүнийг уран бүтээлээс нь түрхэн ч бол хөндийрүүлж амжсан тэр бяцхан нөхрөөс эхэллээ.

-Охин нь том болж байна уу?

-Ой гурван сартай.

-Хэн гэж нэр өгсөн юм бэ?

-Есүй. Аягүй хөдөлгөөнтэй.

-Хөгжимд авьяас байна уу, Есүйд?

-Ямар ч байсан хоосонгүй. Хэмнэлийг нь ялгаад байх шиг санагддаг. Телевизээр намайг дуулж байвал өмнө нь очоод л хамт дуулаад эхэлдэг гэж байгаа юм.

-Энэтхэг явах гэж байгаа гэсэн үү?

-Сэр-Од багшийн “Ижий минь бодогдоно” гэж нэг дуу бий. Зохиогдоод удаж байгаа юм. Тэр дууны клипний зураг авалт бас Бакула ренбүүчи багшийн тухай дууг би дуулж байгаа юм. Түүний клипийг бас тэнд хийх юм.

-Ямар студи хийж байгаа юм бэ?

-Z Frame. Хуучин Logic film-ээс өрх тусгаарласан Отгонзориг гэж залуу зураглаач авах юм.

-Бакула ренбүүчид зориулсан гэхээр шашны, бурхан номын өнгө аяс давамгай дуу байх болов уу?

-Миний дүү Энэтхэг дууны уралдаанд оролцоод шагналаа энэ хүнээс гардаж авч байсан болохоор Ренбүүчи багшийг би бага байхаасаа мэддэг юм. Мэднэ гэхээр сүсэгтэн шавь нар шиг нь, эсвэл номын нөхөд шиг нь мэднэ гэж юу байх вэ. Гэхдээ л энэ хүнийг бурхны элч, буян номын мөр хөөсөн жинхэнэ хувраг хүн гэж боддог. Ес дэх Найдангаар тодорсон гэгээрлийг олсон эгэл хүн.-Клипнийх нь зохиомж ямархуу байх бол.

Эх нутагт нь очиж авна гэхээр сонин болох болов уу гэж бодож байна л даа?

-Монголын ард түмэнд хийсэн буяны үйлсийг нь дурсаж буй маягтай. Тийм болохоор нэлээд хугацаа орох юм. Бид энэ сарын 23-нд яваад ирэх сарын 15-даар ирэх төлөвлөгөөтэй. Шууд Дели ороод тэндээс Бомбей, Дарамсала гэсэн маршруттай явах юм. Бурхан багшийн гэгээрлийг олсон бодь модны дор очиж зураг авна. Сонин зүйл олонтой болох байх.

-Зохиолыг нь хэн бичээ вэ?

-Отгонзориг. Манай ах Ширэндэв гэж Бэтүб хийдийн бясалгалын багш бий. Түүнд Сүрэн гэж эгч багшийн тухай дууг надаар дуулуулаач гэж хэлсэн юм гэнэ билээ. Тэгэхээр энэ клип тэр хүний болон хийдийн захиалгаар бүтэж байгаа юм.-Ер нь бурхан шашны том ренбүүчи нарт зориулсан дуу байдаг юм болов уу?-Би мэдэхгүй юм. Энэ санаа төрсөн нь ч учиртай. Ширэндэв ахтай хамаатан гэдгээ нэлээд хойно мэдэж танилцсан. Сүүлд нь би ажлын байртай болох гээд хайж байтал ах надад Бэтүб хийдэд өрөө гаргаж өглөө. Түүнд нь би олзуурхсан. Бурхан номын ариун газарт ажлын байртай болно гэдэг тэр бүр хүнд олдоод байх завшаан биш. Тэгээд өдөр болгон хийдээр очиж хүмүүстэй уулзаад ирэхээр Бакула багшийн тухай улам илүү сайн мэддэг болсон.

-Дууг нь аав ээж хоёр тань хийж байгаа гэв үү?

-Уг нь нэг дуу байсан юм билээ. Би түүнийг нь сонсож үзсэн. Гэвч нэг л сэтгэлд бууж өгөхгүй санагдаад ээж, аав хоёроороо хийлгэе гэхэд тэд зөвшөөрсөн. Тэгээд Ширэндэв ах бидэнд багшийн тухай хийсэн кино, ном зохиол өгсөн. Өчигдөр л гэхэд бид гурав хамт суугаад “Номун” студийн Төрмандах сэтгүүлчийн хийсэн хүмүүсийн дурсамжаар бэлтгэсэн нэвтрүүлгийг үзсэн. Аав тал талын мэдлэг мэдээлэл ихтэй хүн. Тэгээд ч уран сайхны кино, яруу найргийн ном, олон сайхан дууны шүлэг бичсэн болохоор ааваас сэтгэлийн сайхан бүтээл төрнө гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Надад дуулах нэг юм буусан юм чинь аав ээж хоёрт ч бас буусан байж таарна.

-Шашны сэдэвтэй дуу хүмүүст хүрэхдээ ямар байх бол гэж бодсон уу?

-Хүнд хүрэхээр л бүтээл хийнэ. Дуучин болсны хувьд тэр дундаа Монголд төрсний хувьд ийм төрлийн дуу дуулах л ёстой гэж боддог. Би нэгэн биеэрээ олон хүнд буян үйлдэж чадахгүй юм чинь тэр буянтай хүний тухай сайхан дуу дуулж хүмүүст хүргэж чадвал миний сэтгэлээрээ бусдад хийж байгаа том буян гэж санасан.-Яриаг чинь сонсоод байхад чамгүй сүсэгтэй нэгэн юм уу гэсэн бодол төрлөө. -Би ер нь шүтдэггүй байсан. Хүүхэд болоод ч тэр үү, залуу насны ч юм уу тиймэрхүү зүйлийг огт тоодоггүй байж. Миний үеийнхний дийлэнх надтай адилхан байх. Гэхдээ хүн амьдралдаа бусдаас аврал эрэх үе гардаг. Тэр үед ижий ааваас гадна ямар нэг зүйлийг хайдаг юм билээ. Ер нь хүн шүтдэг сүсэглэдэг, түүнийхээ үрээр сэтгэл ариун байх хэрэгтэй юм билээ. Залуу насны алдаа, эсвэл хэтэрхий эрх танхи өссөнийх зарим үед түргэн түүхий шийдвэр гаргадаг ч юм уу байдаг биз дээ. Монголчуудын ярьдгаар 60 хүрч ухаан суугаад 61-тэйдээ хорвоог орхидог гэдгийг давтахгүй байх бас нэг боломжийг аливааг шүтэж, бясалгах ухаан өгдөг гэж боддог.

-Охиныхоо нэрийг өгөхөд шүтлэг чинь нөлөөлсөн үү?

-Шүтлэг гэхээсээ илүү цаг үе нөлөөлсөн гэх үү дээ. Миний охин Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор төрсөн юм. Тэр үед уран бүтээлчийн хувьд үзэгчдэдээ барьж байгаа бэлэг “Хайрлаарай” дууны клип байсан.-Энэ клипийг Эрдэнэтунгалаг өөрийнхөө амьдралаар хийжээ гэж ярьж байсан.-Хүмүүс сайн ойлгоогүй юм шиг байна лээ. Цаад утга нь монгол эр хүний уужуу тайван ухаантай чанарыг л харуулах гэсэн юм. Нөгөө талаас бүсгүй хүний нарийн нандин чимхлүүр урыг үзүүлэхийг зорьсон. Бөртэ хатныг мэргэдүүд булаадаг тухай “Монголын нууц товчоо”-нд гардаг даа. Буцаж ирэхдээ бие давхар болсныг Бөртэ ч, Өүлэн ч, Чингис ч үхэн үхтэл хэнд ч хэлээгүй, өнөө хүртэл таавар хэвээр үлдсэн. Зүчи Чингисийн үр мөн ч юм уу, биш ч юм уу. Зүчи гэдэг нь зочин гэсэн үг гээд хүн бүр янз бүрээр тайлбарладаг биз дээ. Гэтэл хэний хүүхэд вэ гэдэгтээ гол нь биш Чингисийн гэр бүлээрээ дамжуулан улс орноо хамгаалсан их ухаанаас гадна хувь хүнийхээ агуу чанарыг гаргасан. Мөн Бөртэд өгсөн тэр агуу хайрын илэрхийлэл юм. Үүнээс л санааг нь олсон клип. Бас охиныхоо нэрийг ч эндээс олсон. Есүй бол Чингисийн хамгийн ухаантай бас үзэсгэлэнтэй хатан. Төрийн шийдвэрлэхэд хэцүү хэрэг хэлэлцэхэд түүний үгийг сонсдог байсан. Тиймээс охиноо Есүй хатан шиг ухаантай бас үзэсгэлэнтэй болоосой гэж бэлгэдсэн юм.

-Түүх нэлээд сонирхдог юм аа даа?

-”Нууц товчоо”-г бидэнд нэлээд сайн уншуулсан юм. “Их засаг”-т сурч байхад манай монгол бичгийн багш энэ зохиолыг бүрнээр нь хуулуулж бичүүлдэг байсан. Ингэхэд монголоор зөв алдаагүй бас хичээнгүй бичиж сурна, дээрээс нь бүгдийг дуустал уншина. Энэ их нөлөөлсөн.

-Ирэх гуравдугаар сард хийх тоглолт “Хайрлаарай” цомогтой чинь холбоотой юу?

-Би 2005 оны тавдугаар сарын 20-нд CD гараагүй, “Хайрлаарай” дуу олонд нэг их хүрээгүй байх үед “Хайрлаарай” тоглолт хийсэн. Түүний дараа жил охин минь төрөөд нэлээд удаан уран бүтээлээс завсарласан. Дорвитой том бүтээл хийгээгүй гэсэн үг л дээ. Энэ мэдээж охинтой минь холбоотой. Эх хүний үүргээ биелүүлэх хэрэгтэй байсан. Харин энэ жилийн хувьд бүхэлдээ уран бүтээлийн жил болгохоор бүх ажлаа төлөвлөчихсөн. Ямар ч зай завсаргүй төлөвлөгөө гаргачихсан байгаа. Түүнийхээ эхнээс хийж эхэлж байгаа минь энэ. Гуравдугаар сарын 1,2-нд хийх тоглолт маань нийтийн дууны оргил үе гэгддэг 60-70-аад оны, хүмүүсийн сэтгэлд хүрсэн хоногшсон дуунуудаас бүрдэх юм. Хангал гуайн “Нарт тэнгэрийн дор”, Чимэдоржийн “Зам дээр гээгдсэн цэцэг”, Даваа гуайн “Навчин дээрх шүүдэр” гээд 20-иод дууг өөрийнхөөрөө хүргэх гэж байгаа. Аялгуу, шүлэг бүгдийг нь сэтгэлээрээ мэдэрч дуулахаас аргагүй сайхан дуунууд.

Нийтийн дуучдын тоглолт нэг хэвийн, хувцсаа сольж өмсөөд л дуулаад байдаг. Эрдэнэтунгалагаас үзэгчид арай өөр тоглолт хүлээж болох болов уу?

-Яг л наадахыг чинь бодож байгаа. Өнгөрсөн есдүгээр сараас би Улсын филармонид дуучнаар орсон. Энэ удаа “Баян Монгол” чуулгатайгаа хамтарч бараг бүтэн гурван цагийн амьд тоглолт бэлтгэж байна. Нөгөө талаар энэ зөвхөн дуучны концерт биш мюзикл хэлбэрийн сонин тоглолт болно. Найруулагч Болд ах маань гол ясыг нь зангидаж байгаа.

-Мюзикл гэхээр драм тал руу жүжиглэлт шаардсан тоглолт болох нь ээ?

-Ямар ч хөтлөгчгүйгээр би өөрөө тоглолтоо хөтлөөд жүжиглээд явахаар байгаа. Драмын жүжигчин биш дуучин болохоор наад зах нь хэлнийхээ дикцийг засахаас эхлээд ачаалал ихтэй ажиллаж байна.-Нийтийн дууны нэг үеийнхнээс чинь орох уу. Жишээ нь Батсайхан ч юм уу?-Надаас өөр дуучин орохгүй. Жааз оркестр, бүжигчид, Драмаас жүжигчид орно. Хувцсаа солихдоо ч тайзны араар орохгүй. Нэг ёсондоо бүтэн гурван цагийн турш тайзнаас буухгүй, тэндээ амьдрах юм. Өөрийгөө шинэ зүйлд сорьж үзэх гэсэн хүсэл минь биелэх байх. СББ компанитай хамтарч ажиллахаар болсон.-”Баян Монгол” манай ганц жааз найрал хөгжим. Ийм чуулгатай дуулах зүгээр нэг фонограмм тавиад дуулахаас арай л өөр ур чадвар шаардах байх даа?-Өмнө нь “Баян Монгол” чуулгатай дуулж байсан. Ер нь оркестортой дуулах дуучин хүнд их түшигтэй байдаг юм. Нэг том түшлэгтэй сандал авчраад тавьчихсан юм шиг мэдрэмж төрдөг. Шалдан фонограмм тавиад ам барихаас илүү ур чадварыг оркестор надаас шаардаж байгаа. Дуулах, бүжиглэх гээд олон талаараа цоо шинэ Эрдэнэтунгалагийг үзүүлэх хэрэгтэй болно. Тиймээс би өөрийгөө эвдэхийг хичээдэг.-Дуучдын хийсэн мюзикл гэхээр “Зун орсон цас”-аас өөр юм санагдахгүй байна?-Болд найруулагч энэ тал дээр их туршлагатай. Батсайхан бид хоёрын “Ханьсахын жаргал”, CD-ний баярыг хийсэн. 100 хувь мюзикл биш ч тиймэрхүү хэлбэртэй сонин тоглолт болсныг үзэгчид санаж байгаа байх. Дуучид, үзэгчдийн хувьд амьд харилцаа үүсч, нэг нэгнээсээ хол биш яг л нэг дор хамтдаа байгаагаа мэдэрч чадсан. Гэхдээ тэр хамгийн сайн нь гэж би хэлэхгүй. Магадгүй уран бүтээлч өөрийн хийсэнд сэтгэл ханаад ирвэл түүнээс шинэ зүйл гарахаа больдог байх. Үргэлж л болоогүй байна, одоо үүнээс илүүг хийнэ гэж бодож чадвал уран бүтээлч болж чадна.-Дандаа шинэ зүйлд тэмүүлж чаддаг учраас урлагийнхан бусдаас залуу байдаг гэж ярьдаг шүү дээ.-Харин тийм. Сэтгэлийн хөдөлгөөн, мөрөөдөл тэмүүлэл ихтэй, зүрх нь зогсолтгүй ажиллаж тэр хэрээр тархи нь шинэ санаагаар дүүрэн байдаг. Зүүднээсээ санаа авч босч ирээд л тэмдэглэдэг зантай болчихдог юм билээ.-Тоглолтынхоо нэрийг өгсөн үү?-Одоогоор “Навчин блюз буюу энэ шөнө” гэсэн ажлын нэр өгчихөөд байгаа. Гэхдээ надад арай л өөр содон нэртэй бол зүгээр санагдаад байгаа юм. Тэр тайзнаас огт өөр Эрдэнэтунгалагийг харуулж чадна гэж бодож байгаа учраас түүндээ таарсан нэр өгөхсөн гэж боддог.-Ялалтын баярт зориулсан орос дууны концертыг чинь үзэж байсан. Хүмүүст нэлээд хүрсэн санагддаг. Орос сургууль төгссөн үү?-Надад байгаа бүх зүйл ээжээс эхтэй. Дуулахын хувьд ч тэр, орос хэлийг ч ээжээс сурсан. Бага байхаас л ээж баян хуураа бариад орос дуу дуулна. Миний ээж Орост дээд сургууль төгссөн. Дунд сургуулийн “Радуга”-нэг хоёр гурав гээд сурах бичгийн даалгавраа ч ээжээрээ заалгадаг байсан. Ээж минь багш учраас их зарчимч, юмыг ном журмынх нь дагуу хийлгэх гэж хичээдэг. Бид ч тэрэнд нь дасч дутуу гуцуу юмаа ээж рүү барьж гүйгээд байдаггүй юм. Орос дууны тоглолтын 80 хувь ээжийн нуруун дээр боссон гээд бидний төлөө, миний төлөө хийсэн бүгдийг нь тоочиж барах аргагүй. Ачийг нь нэг удаа ч бол хариулах юмсан гэж боддог. Гэхдээ өөрөө ээж болсон хойноо үүнийг илүү ихээр ойлгодог юм билээ. Охиноо төрүүлээд эхний шөнө хүүхдээ амихандаа л хуурайлж өлгийдөх гэж хэдэн даавуугаар эв хавгүйхэн ороочихоод сууж байхдаа “Миний ээж бид гурвыг өсгөх гэж хэчнээн шөнийнхөө нойрыг ингэж алдсан бол” гэж өөрийн эрхгүй бодогдож билээ. Энэтхэг рүү ээжийгээ авч явна. Клипэндээ тоглуулах гэж байгаа. Бурхны орныг үзүүлж ядаж ганц шөнө босож хөхүүлснийх нь ачийг хариулах гэж бодсон юм.-Танай ээж Цэцэрлэг Монголын мэргэжлийн ганц эмэгтэй баян хуурч. Гэхдээ сүүлийн үед хөгжимчин гэхээсээ хөгжмийн зохиолч тал руугаа илүү ажилладаг болчихоо юу даа?-Сүүлийн үед дуу зохиоход илүү анхаараад ч тэр үү баян хуураа нэг их тоглохоо больчихсон. Намайг багад манайд хүмүүс ирэхэд ээж дандаа л хөгжмөө тоглодог байж билээ. Одоо тэр нь цөөрсөн. Гэхдээ баян хуур ээж хоёр энэ насандаа салахгүй байх. Ээж нэг гартаа баян хуураа нөгөө талдаа намайг чирээд явдаг байсан гэдэг. Намайг долоон настай байхад ээж Багшийн сургуульд багшилж байсан. Тэгэхэд одоо энэ дуучин Болормаа эгч, Байзда, Халиун ах, Аранзай ах эд нар сурч байсан юм билээ. Намайг харахаараа л барьж аваад цонхны тавцан дээр гаргаад зогсоочихно. Тэгээд дуул гэхээр нь би чадахгүй юм биш гээд дараалан хоёр гурван дуу дуулчихаад өнөө өндөр тавцан дээрээс нь үсэрч буугаад гүйчихдэг байсан гэсэн. Би санадаггүй, тэд л ярьдаг юм. Их галзуу охин байсан гэсэн.-Ээжийг чинь сайхан дуулдгийг тухайн үед Эрхүүд сурч байсан монгол оюутнууд сайн мэднэ. Чиний хоолой ээжийнхтэйгээ төстэй санагддаг.-Бид хоёрын хоолойны тембр их адилхан. Сургуульд сурсан сураагүйгээрээ л ялгаатай. Ээж бол мэргэжлийн хөгжимчин. Эрхүүгийн тухай, оюутан цагийнхаа тухай ээж ярих их дуртай. Намайг долоо наймхан сартай байхад ээж сургуульд явсан болохоор би ирэхэд нь танихгүй эгч гээд уйлуулж байсан юм гэдэг.-Гадагшаа явж сурах төлөвлөгөө байгаа юу?-Охин гарахаас өмнө бол том төлөвлөгөө байсан. Ганбат ах шиг дуурийн сайн дуучин болж өөрийгөө дэлхийн тавцанд гаргахсан гэж мөрөөддөг, тэр талаар анхны алхам хийх яриа хэлэлцээ ч байсан. Нэг үгээр охин минь төрөөгүй бол би Монголоос бүрмөсөн явчих байсан.-Чиний яриаг сонсоход нутгаасаа бүрмөсөн явж чадахааргүй л юм шиг санагдлаа.-Тэр үед бол чадах байсан. Одоо бол үгүй. Би охинтой хүн. Түүнийхээ төлөө амьдрах ёстой. Өөр хийх зүйл ч их байна. Тэгээд ч охиноосоо хол байж чадахааргүй юм шиг байна лээ.-Хүн чанарын тухай чи юу гэж боддог вэ?-Саяхан Солонгост очоод хүмүүстэй хоол идэж байхад тэд “Монголчууд их хүн чанартай. Гэхдээ сүүлд ирж байгаа хүмүүс муу авир гаргаад бусдыгаа баллаад байх юм” гэж байсан. Галаас хүмүүсийг аварсан монгол залуусын тухай тэд их бахархаж ярьж байхыг сонсоход сайхан санагдсан. Хүний хүнээс тийм үг сонсох бүр ч илүү юм билээ.-Гэтэл бид өөрсдийгөө жил ирэх тусам монгол хүний чанар алга болж байна гэж шүүмжилдэг шүү дээ?-Хүнээс биш нийгмээс болж байгаа л гэж би ойлгодог. Түүнээс монгол хүний сайхан чанар цусанд нь байж л байгаа.-Саяхан болсон нэг хэргийн тухай асуухгүй өнгөрч чадахгүй нь. “Шинэ Монгол” сургуулийн ажилтан эмэгтэй амь насаа алдсан хэрэгт чиний нэр холбогдсоныг хэлж байна л даа.-Энэ тухай тодорхой яримааргүй байна. Надтай ямар ч холбоогүй. Яагаад яагаад гэсэн түмэн асуулт л толгой дотор эргэлдэхээс тодорхой хариулт олж чадахгүй байна. Хэрэгтэн нь олдсон хойно бүх хэргийн учиг тайлагдах байх. Тэр болтол хүлээж л байя.-Чи тэнд байр хөлсөлж байсан нь үнэн юм уу?Надад бусдаас нуугаад байх юм байхгүй. Би аав ээжтэйгээ амьдарч болох л байсан. Гэхдээ бие дааж, өөрийнхөө ухаанаар амьдарч үзье гэж бодсондоо л хоёр жил гаруй тусдаа байсан.-Магадгүй чи олны танил дуучин биш байсан бол ингэтэл дуулиан болохгүй ч байсан юм бил үү. Тийм болохоор олны танил болсондоо харамсах үе гардаг уу?-Үгүй ээ, хэзээ ч харамсаж байгаагүй. Хувь заяаны төөргөөр туулах ёстой амьдралаа туулж л барна гэж боддог. Хувь тавилан гэдэг хөдөлж болшгүй үнэн. Хувь заяа гэдэг нь хөтөлж болдог үнэн гэж аав минь хэлдэг юм. Тэгэхээр санаагаа л зөв сайн байлгахыг мөнхөд зорьж явна даа. Дуучин Эрдэнэтунгалаг СУИС-иас гадна “Их засаг” их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Түүний урын санд 120 гаруй бүтээл байгаа гэнэ. Тэрбээр ирэх гуравдугаар сард хийх тоглолтынхоо дараа хөдөө, орон нутгаар аялан тоглоно. Ирэнгүүтээ дуучин Н.Гантулгатай цэргийн сэдэвтэй дууны хамтарсан тоглолт хийнэ. Мөн орос дууны кино концертын зураг авахуулна гээд түүний хувьд бүтэн жилийн төлөвлөгөө нь өдөр өдрөөрөө гарчихсан байгаа аж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button